Wednesday, October 9, 2019

Этүгэн унага төрд “данслагдлаа”.



Өнгөрсөн оны намрын ээлжит нэгэн хээрийн судалгаагаар Зүүнгарын говь буюу Говийн их дархан газрын “Б” хэсэгт аялах боломж тохиосон юм. Тухайн үед тус дархан газарт сэргээн нутагшуулж буй тахийн хамгийн том сүргийн зураг буулган явахдаа өөрийн үзэж, нүднээ туссан нэгэн тахийн эр унаганд “Этүгэн” хэмээх нэр өгөх хүсэлтээ байгаагаа хамгаалалтын захиргаа, тахийн хамт олонд илэрхийлж байсан билээ. Энэхүү хүсэлт маань ёсоор болж Этүгэн унага маань монгол улсдаа данслагдан номер дугаараа авсан байна. Тодруулж хэлбэл тухайн жилд шинээр мэндэлсэн унага 12 сарын 31  хүртэл мэнд байвал онд орсонд тооцон албан ёсоор дугаар өгч олон улсын болон өөрийн орны данс бүртгэлд нэршүүлэн оруулдаг учиртай. 
Этүгэн унага (одоо сарваа) 2018 оны 5 сарын 16 өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Нүхэнгийн нурууны өвөрт, дархан газрын торгон хил дээр төржээ. Түүний монгол дугаар ТТ-551.  
Сонирхуулахад түүний эх Буман гүү (олон улсын дугаар 4503), эцэг Барс азрага (олон улсын дугаар 4511) 2 нь хоёулаа 2005 онд Тахийн талд төрсөн унаганууд юм байна. Буман гүүний эх, герман улсаас 1998 онд монголд ирсэн 1994 онд төрсөн өдгөө 25 настай гүү мэнд яваа гэнэ.   
Жижигхэн түүх нэмж дурдахад 2010 онд “Хөх монголын хязгаар нутгаар -108 хоног” үүргэвчтэй аялалаа хийж явах үедээ Тахийн талын Шийрийн ус хэмээх газрын ойролцоо 8 сарын дунд үеээр тухайн жилийн цорын ганц тахийн унагыг анх үзэж зураглаж байсан юм. Цор ганц гэдгийг учир нь 2009-2010 он дамнасан их зуднаар олон тахь хорогдож тухайн жил унага үзэхгүй жил тохиогоод байжээ. Гэтэл намар 8 сар гарсан хойно нэгэн хэнз унага мэндэлсэн байхыг Тахийн Ганбаа дарга маань хараад нулимас унагаж байхыг үзсэн гэрч нь би билээ. Тэр унаганы эх өнөөдрийн Этүгэний эх Буман байсныг түүх сөхөн ярилцаж байхдаа мөн мэдлээ. Буман гүү тэр хүнд өвлийн өмнөх жил мөн унагатай байсан бөгөөд бусад бүх унагатай гүү зуданд хорогдоход ганцаараа мэнд үлдсэн байна. Мэнд үлдээд барахгүй өмнөх жил сувайрсан гүүнүүд дахин хээл хаясан байхад ганцаараа дараа жил нь төллөжээ. Ингэж нуршсаны учир нь тухайн гүү эх нутагтаа, говийн байгальд хэр зэрэг дасан зохицож чадсаныг дурдах гэсэн санаа юм шүү.
Этүгэн унага маань удахгүй эрэмгий сайхан азрага болж эх нутагтаа ижил олон сүргээ хураан явах бизээ.  

Г.Довчиндорж 
2019 оны 01 сарын 24. Улаанбаатар хот. 

No comments:

Post a Comment